Нийслэл – Москва.
Засаглалын хэлбэр – Ерөнхийлөгч-парламентын хосолсон тогтолцоо.
Засаг захиргааны нэгжүүд – нийт 85 субъекттэй байдгаас 46 нь муж, 22 нь холбооны улс, 9 нь хязгаар, 3 нь холбооны хэмжээний хотууд, 4 нь автономит тойргууд, 1 нь автономит мужаар нэрлэгддэг.
Газар нутгаараа дэлхийд 1-рт, хүн амын тоогоор 9-р байранд орж байна. 17125191 м2 нутаг дэвсгэр дээр 146780720 хүн оршин сууж, 157000 суурин газрууд оршин тогтнож байна. Эдийн засгаараа дэлхийд 6-д ордог, Европын орнуудаас 2-р байрыг эзэлдэг.
Дэлхийн цөмий зэвсэг бүхий цөөн орнуудын нэг, сансар судлал, үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч, дэлхийд нөлөө бүхий орнуудын рейтингэд 2-рт ордог.
Албан ёсны хэл нь орос хэл бөгөөд энэ нь НҮБ, ЮНЕСКО болон бусад олон улсын байгууллагуудын 6 албан ёсны хэлэнд тооцогддог. Мөн НҮБ-ийн аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, дэлхийн орчин үеийн их гүрнүүдийн нэгд зүй ёсоор тооцогдож байна.
Дэлхийн газар зүйн байрлалын хувьд Еврази тивийн хойд хэсэгт, Зүүн Европын ихэнхи хэсэг, Азийн хойд хэсгийг бүхэлд нь эзлэн, нутаг дэвсгэрийн 70%-ийг нам дор, тэгш газар, өмнөд болон дорнодын хэсэг нь голдуу уулархаг бүсэд оршдог.Цэвэр усны нөөцийн хувьд дэлхийд дээгүүр байранд ордог бөгөөд Байгаль нуур нь дэлхийн хамгийн цэвэр устай хийгээд гүнзгий нуур юм.
Насанд хүрсэн хүн амын боловсролын түвшин – 99,8%. Анхны дунд сургууль нь 1086 онд, анхны их дээд сургууль нь 1687 онд байгуулагдаж байсан. Орчин үеийн Оросын боловсролын систем нь XX зууны 50-иад оноос дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, тэргүүлэх байр суурийг эзлэх болсон. Шинжлэх ухаан, урлаг, спорт, утга зохиол, гүн ухаан, хөгжим, театр, кино, дүрслэх урлаг, архитектурын хүн төрөлхтний олон нээлт ололт, амжилтууд Орос орноос гаралтай байдаг.
Орос хүмүүс
Орос хүмүүс бол нийтлэг шинжээрээ нээлттэй, нөхөрсөг, найрсаг, зочломтгой, сэтгэл хөдлөл ихтэй, хариуцлага өндөртэй, зарчимч хүмүүс юм. Оросуудын зочломтгой чанар их онцлог бөгөөд дайллага цайллаганы ширээгээ олон төрлийн амттан, хоол ундаар байнгын баялаг дүүрэн байлгахыг хичээдэг.
Орос хүмүүсийн ерөнхий мэдлэгийн түвшин бусад орнуудынхтай харьцуулбал их өргөн. Тэд академик, нарийн суурь мэдлэгийг их чухалд үздэг.
Монгол хүнтэй харьцуулахад өөрсдийн бодож санаснаа дотроо хадгалаад байлгүй шууд л хэлж илэрхийлдэг бол барууны орны хүмүүстэй харьцуулахад танихгүй хүмүүст нүүрэндээ инээмсэглэл тодруулаад байдаггүй. Харин найз нөхөд, дотны хүмүүсийнхээ дунд бол их хөгжилтэй, наргиж цэнгэлдэх, онигоо ярих, тоглож наадах дуртай хүмүүс юм. Мөн найз нөхөрлөлийн үнэнч, сэтгэлээсээ хандах чанарыг үнэлдэг бөгөөд “жинхэнэ найз заримдаа хамаатнаас с ч илүү ойр” хэмээн үздэг.
Орос эмэгтэйчүүд дэлхийд хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог. Эмэгтэйчүүддээ ч эрчүүд нь их хүндэтгэлтэй ханддаг. Жишээлбэл, хаалга онгойлгож өгөөд урдуураа оруулах, суудал тавьж өгөх, унаанаас буухад нь гараа өгч түших зэргээр халамж анхаарал тавих нь элбэг юм.
Оросод сурч буй гадаад оюутнууд ихэвчлэн оюутны байруудад амьдардаг. Энэ нь өртгийн хувьд хямд, нөгөө талаар хичээлийн байрандаа ойрхон, унааны зардал шаардлагагүй, цаг хугацааны хувьд ч хэмнэлтэй.
Төлбөр нь тухайн байрныхаа тохижилт, тоноглол, хангамжаасаа шалтгаалаад нэг сарын дунджаар 20-100 мянган төгрөг байдаг бөгөөд төлбөрийг сараар, улирлаар эсвэл жилээр нь төлж болдог. Мөн үнээсээ хамаараад өрөөндөө хоёулаа, гурвуулаа, дөрвүүлээ амьдрах боломжтой. Хамт амьдрах оюутнуудыг сургууль бүр өөрийн бодлогоор зохицуулж, зарим нь Орос оронд дасан зохицох хүртэл нь нэг улсаас ирсэн оюутнуудыг хамтад нь байлгахад анхаардаг бол, нөгөө нь өөр улсын оюутнуудыг нэг дор оруулдаг.
Мөн сүүлийн үед их сургуулиуд нь оюутны байрнаас гадна амьдрах төрөл бүрийн нөхцлүүд эсвэл орон сууцнууд санал болгох болсон. Жишээлбэл, айлуудад байрлах боломжтой. Зарим оюутнууд хоорондоо нийлээд гадуур байр, өрөөнүүд хөлсөлдөг. Үнэ нь хотуудаасаа хамаараад харьцангуй ялгаатай байдаг ба Москва, Санкт-Петербург хотод нэг сарын 800 мянгаас 1,5 сая төгрөг байхад, дан өрөө 400-700 мянган төгрөг орчим байдаг. Гэхдээ Москва, Санкт-Петербург зэрэг хотуудаас бусад орон нутгуудад төлбөр нь хоёроос гурав дахин хямд байх боломжтой.
Иймд хэрвээ Та Оросод суралцахаар шийдсэн бол явахаасаа өмнө урьдчилаад тухайн сургуулийнхаа элсэлтийн албаны мэргэжилтэнтэй холбогдон, амьдрах байрны хувилбарууд, байршлууд, өрөөний нэр төрөл, төлбөрийн хэмжээ болон нөхцлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг авахыг зөвлөж байна.
Орос орон бол олон үндэстний өлгий нутаг. Тиймээс хоол ундны төрөл зүйл, сонголтоор их баялаг. Оросууд гэрийн нөхцөлд ихэвчлэн котлет, шарсан төмс, борщ, солянка, загас, тахианы махаар бэлтгэсэн хоол, төрөл бүрийн салат, ногоо ихтэй хоол, олон янзын амттан, десерт голдуу хэрэглэдэг. Хоолныхо амт чанарт ч ихэд анхаарч амттай хоол идэх дуртай.
Өнөөдөр монголчууд бидний иддэг олон төрлийн хоолнууд нь оросуудаас улбаатай байдаг учраас монгол оюутнуудын хувьд очоод орос хоолонд дасах, сонгох зэрэгт азийн бусад орнуудтай харьцуулахад асуудал үүсэхгүй. Монголчуудын иддэг бууз, банш, хуушуур, гурилтай шөл, будаатай хуурга зэрэг хоолнууд нь бүгд л тэнд байдаг бөгөөд амт чанарын хувьд яг л бидний амталж заншсан амтыг та мэдрэх болно.
Харин Оросуудын жинхэнэ үндэсний онцлог шингэсэн гэвэл эдгээр хоол, амттангуудыг Та очоод заавал амсаж үзээрэй.
Щи буюу байцаатай шөл
Щи бол XI зууны оросуудын ихэвчлэн хийдэг хоол юм. Монголоор зүйрлэвэл байцаатай шөл гэсэн үг. Энэхүү хоолны орцод мах, амтлагч болон даршилсан байцаа орно.
Щи олон төрөлтэй: загасны, ногооны гэх мэт. Төрлөөс нь хамаарч орц нь өөрчлөгдөнө. Оросын ихэнх тогооч нар өөрсдийн арга барилаараа Щи-г бэлддэг. Щи идэхийн өмнө цөцгий эсвэл амтлагч нэмэлтээр хийж болно.
Банш
Банш бол оросуудын хамгийн алдартай хоолны нэг. Анх XIV зууны үед Уралын нутгаар амьдарч байсан оросууд хийж иддэг байсан түүхтэй. Баншийг сонгодог аргаар хийе гэвэл танд татсан мах, гурил, өндөг, ус хэрэгтэй. Бэлэн болсон баншийг бага зэрэг давстай буцалсан усанд чанана. Баншийг масло, горчиц, майонез эсвэл өөр амтлагчтай хольж иднэ.
Каша
Оросууд өглөөний цайндаа ихэвчлэн каша иддэг. Энэ нь шим тэжээлтэй хэмээн үздэгтэй холбоотой ажээ. Мөн зочид буудлын өглөөний цай, кафе, оюутны цайны газар эсвэл айлд зочлохоор бол танд каша санал болговол бүү гайхаарай.
Орос пироги
Пироги бол оросуудын хувьд итали пицца л гэсэн үг. Оросууд пирогоо хийхдээ ихэвчлэн мах, ногоо, жимс, аарцтай хольж хийдэг. Хэрвээ та гэрийн нөхцөлд хийсэн пироги амсах юм бол танд аз тохиолоо л гэсэн үг.
Блины
Блины буюу Бин бол оросын эртний хоол бөгөөд IX зуунд бий болжээ. Блины хийхээд сүү, өндөг, давс, бага зэрэг гурил орно. Харин жинхэнэ орос блины хийх аргыг тэр болгон оросууд өөрсдөө ч сайн чаддаггүй гэдэг. Блины нимгэн байх тусмаа маш сайн гэж тэд үздэг. Блиныг ихэвчлэн цөцгий, масло эсвэл мах, ногоо, жимс хольж иддэг. Онцгой тохиолдолд загасны түрстэй иднэ.
Нийслэл салат буюу Оливье
Монголчуудын өргөнөөр хийж иддэг нийслэл салат нь мөн л оросоос гаралтай. Аливаа баярт үйл явдлыг оливье буюу нийслэл салатгүйгээр төсөөлөхийн аргагүй. XIX зуунд нийслэл салатыг Москвад ажиллаж байсан ахлах тогооч Люсьена Оливьегийн нэрээр нэрлэсэн гэдэг.
Винегрет
XIX зуунд оросуудын уламжлалт гал тогоонд бий болсон салат. Энэхүү салат нь шөлгүй борщийг санагдуулдаг. Орцонд нь улаан манжин, төмс, фасоль, лууван болон даршилсан өргөст хэмх, сонгино орох бөгөөд наран цэцгийн тосоор амтална.
Даршилсан өргөст хэмх
Орос айл бүрийн ширээг даршилсан ногоогүйгээр төсөөлөхийн аргагүй. Даршилсан өргөст хэмх, помидор, байцаа, мөөг зэрэг нь айл бүрт л байдаг.
Варень
Варень – гэрийн нөхцөлд бэлдсэн десерт гэж хэлж болно. Варень ихэвчлэн ойн жимсээр хийдэг. Хэрвээ та орос айлд зочилсон бол варенээс бүү татгалзаарай.
Пастила
Пастила – энэ бол XIV зуунд алдартай байсан оросын уламжлалт десерт бөгөөд XIX зуунаас эхлэн европын орнууд руу экспортолж эхэлсэн. Пастилийг ихэвчлэн орост ургасан зэрлэг алимаар хийдэг байсан бол хожим нь өөр, өөр жимсээр хийх болжээ. Пастилийг та оросын бүхий л дэлгүүрээс худалдан авах боломжтой.
Квас
Квас бол оросуудын эртний ундаа. Тариачин ардаас эхлэн хаад, ноёд нь ч кваст дуртай байсан гэдэг.
Холодец буюу стужин – ихэвчлэн хүйтэн зууш хэмээн үздэг
Монголчууд бидний идэж заншсан стужин нь мөн оросуудаас ирсэн хоолны төрөл. Оросуудын хувьд стужин нь шинэ жилийн ширээн дээр заавал тавигддаг уламжлалт зуушанд тооцогддог байна.
ОХУ нь маш том газар нутагтай учир зам тээвэр, харилцаа холбоо нь үүнийгээ дагаад маш сайн хөгжсөн байдаг. Хот хооронд болон хот дотор автобус, метро, троллейбус, трамвай, такси, галт тэрэг, онгоц гээд бүхий л төрлийн тээврийн хэрэгслээр чөлөөтэй зорчих боломжтой. Оюутнуудын хувьд хөнгөлөлттэй үнээр зорчих эрхтэй байдаг ба энэ нь гадаад оюутнуудад ч мөн ижил үйлчилдэг. Хөнгөлөлттэй үнээр зорчихын тулд очсон даруйдаа оюутны автобусны картаа захиалах хэрэгтэй.
Хэрвээ Та анх удаа суралцахаар явж байгаа бол мэдээж хэрхэн хүрч очих талаар сургуулиасаа заавар, зөвлөгөө авч очих хэрэгтэй бөгөөд зарим тохиолдолд сургуулийн ажилтнууд нь анх удаа очиж байгаа оюутнуудаа нисэх онгоцны буудал эсвэл вокзал дээрээс үнэ төлбөргүй тосч хүлээж авдаг. Энэ талаар Та сургуулийнхаа төлөөлөгчөөс лавлаарай.
Харин өөрөө бие даан сургуульдаа хүрэхээр шийдсэн бол сургуульдаа очихоосоо өмнө урьдчилаад зам, маршрутаа төлөвлөөд очвол хүрэх газар хүртлээ төвөггүйхэн очих боломжтой.
Нисэх онгоцны буудлаас хотын төв рүү хямд зардлаар хүрэх шугамын автобус, такси, галт тэрэг гээд хэд хэдэн боломжит хувилбар бий. Шугамын автобус нь нисэх онгоц болон галт тэрэгний буудлын ойролцооноос 10-15 минут тутамд явдаг бөгөөд үнэ нь ч хямд байдаг, 2500-5000 төгрөгөөр зорчдог.
Түүнээс гадна нисэх онгоцны буудлаас хот руу хурдны галт тэрэг явах ба давуу тал нь хурдан, ая тухтай, ачаа байршуулах хэсэгтэй бөгөөд 30 минут тутамд зорчигчдод үйлчилнэ. Харин тасалбарын хувьд янз бүр бөгөөд онлайнаар захиалах боломжтой. Москвагийн хурдны галт тэргээр нэг удаа зорчиход 20 мянган төгрөг байдаг бол бусад хотуудад үүнээс 2-3 дахин хямд байдаг.
Хэрэв нисэх онгоцны буудлаас таксигаар үйлчлүүлэх бол энэ нь арай үнэтэй тусах бөгөөд тухайлбал, Москва болон Санкт-Петербург хотуудад хотын төв ороход дунджаар 60-100 мянган төгрөг болно. Таксигаар үйлчлүүлэх тохиолдолд интернэтгүй орчинд ажилладаг OsmAnd, Яндексийн утасны аппликейшн эсвэл урьдчилад интернэтээр захиалсан нь хамгийн найдвартай арга юм.
Орос оронд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар харьцангуй сайн хөгжсөн учир хоол хүнс, өдөр тутмын хэрэглээний үнэ ханш Монголыг бодвол арай доогуур байдаг. Чанарын хувьд ч бидний хэлж заншсанаар “орос чанарын” баталгааг хангаж, сонголт ч өргөн байдаг. Газар зүйн олон бүсчлэлтэй учир жилийн дөрвөн улирал шинэ жимс ногоо, хоол хүнсээр хангалттай.
Гадаадын дундаж оюутны хувьд Оросод амьдрахад хувь хүний хэрэглээнээс хамаараад сардаа дунджаар 250-800 мянган төгрөг хэрэглэдэг.
Харин анх элсэн суралцахаар ирэхдээ эхний ээлжинд дээрх мөнгөөс гадна нэмэлтээр 1-1,5 сая төгрөг шаардлагатай болно гэдгийг санаарай. Учир нь, эдгээр нэмэлт мөнгө нь эрүүл мэндийн даатгал, дотуур байраа тохижуулах, бусад өргөн хэрэглээний бараа авахад тань зарцуулагдана.
Оюутнууд сар бүр дунджаар доорх зардлыг гаргадаг байна. Тухайлбал:
Дотуур байр
20000-200000₮
Хоол хүнс
200000-400000₮
Нийтийн тээвэр
15000-25000₮
Интернет, утас
20000-30000₮
Спорт, зугаалга, соёл, урлагийн арга хэмжээ
150000-300000₮
Нийт
405000-955000₮
Орос орон бол ази, европ тивийг холбосон маш өргөн газар нутагтай учир гадаад улсаас ирсэн оюутнуудын хувьд анхаарах чухал зүйлсийн нэг нь цаг агаар. Монгол орны эрс тэс уур амьсгалыг бодвол цаг агаарын дунд бүсэд оршдог учир ихэнх нутгаар нь харьцангуй дулаан уур амьсгалтай. Иймд Та явахаасаа өмнө суралцах хотынхоо газарзүйн байрлалыг доорх хүснэгтээс тодруулан өөрт тохирох хувийн бэлтгэлээ хангах нь зүйтэй болов уу.
Дашрамд дурдахад ОХУ-д суралцаж буй гадаад оюутнуудын 43.6 хувь нь тус улсын төв хэсэг, 17 хувь нь Баруун Хойд хэсэгт, 14.4 хувь нь Сибирь орчимд, 10.5 хувь нь Приволжийн орчимд, 8.4 хувь нь Өмнөд хэсэгт суралцдаг гэсэн судалгаа байдаг байна.
ОХУ-ын дундаж цаг агаар /холбооны тойргоор/
Тойрог
Засаг захиргааны төв
Нэгдүгээр сарын цаг агаар /дунджаар/
Долдугаар сарын цаг агаар /дунджаар/
ТӨВ ХОЛБООНЫ ТОЙРОГ
Москва
-9,4°C
+18,2°C
Москва, Москва муж, Белгород, Брянск, Владимир, Воронеж, Иваново, Калужск, Кострома, Курск, Липецк, Орлов, Рязань, Смоленск, Тамбов, Тверь, Тула, Ярославль
БАРУУН ХОЙД ХОЛБООНЫ ТОЙРОГ
Санкт-Петербург
-12,4°C
+14,3°C
Санкт-Петербург болон Ленинград муж, Архангальск, Вологодск, Калининград, Мурманск, Новгород, Псков муж, Карель, Коми, Ненецкийн засаг захиргааны тойрог
ӨМНӨД ХОЛБООНЫ ТОЙРОГ
Ростов-на-Дону
-4,2°C
+22,3°C
Ростов, Астрахань, Волгоград, Адыгей, Халимаг, Краснодар
ХОЙД КАВКАЗЫН ХОЛБООНЫ ТОЙРОГ
Пятигорск
-4,1°C
+21,6°C
Дагестан, Ингушет, Кабардино-Балкар, Карачаево-Черкес, Хойд Осет-Алан, Ставропольскийн хязгаар нутаг, Чечены бүгд найрамдах улс
ПРИВОЛЖИЙН ХОЛБООНЫ ТОЙРОГ
Нижний Новгород
-13,4°C
+19,2°C
Нижний Новгород, Киров, Самара, Саратов, Оренбург, Пенза, Ульяновск, Татарстан, Башкортостан, Марий Эл, Мордов, Пермь, Удмурт, Чуваш
УРАЛЫН ХОЛБООНЫ ТОЙРОГ
Екатеринбург
-19°C
+17,3°С
Свердловск, Челябинск, Курган, Тюмень, Ханты-Масийск болон Ямало-Ненецк засаг захиргааны тойрог
СИБИРИЙН ХОЛБООНЫ ТОЙРОГ
Новосибирск
-22,6 °C
+15,5°C
Новосибирск, Омск, Томск, Эрхүү, Кемерово, Красноярск, Тува, Хакасс, Алтайн бүгд найрамдах улс, Алтай муж, Буриад, Забайкальский хязгаар, Чита
АЛС ДОРНОДЫН ХОЛБООНЫ ТОЙРОГ
Хабаровск
-23°C
+14°С
Хабаровск, Приморье, Амур, Магаданск, Сахалин, Еврейн засаг захиргааны муж, Чукотын засаг захиргааны тойрог, Сахагийн бүгд найрамдах улс /Якут/, Камчаткийн хязгаар
КРЫМЫН ХОЛБООНЫ ТОЙРОГ
Симферополь
+1°C
+35°С
Крымын бүгд найрамдах улс, Севастополь
Зарим эх сурвалж: www.studyinrussia.ru
Орос орон бол дэлхийн нөлөө бүхий хүчирхэг гүрэн. Дэлхийд аюулгүй байдлаа хангахад зориулж буй хөрөнгө, хүч, хэрэгслээрээ тэргүүлэгч улс.
Хэдийгээр тийм боловч дэлхийн бөмбөрцөг хавтгай болж, улс орнууд даяарчлагдсан өнөөгийн нөхцөлд хаа ч байсан хувь хүн өөрийн аюулгүй байдалдаа анхаарах шаардлагатай. Америк, Европын орнууд, Хятад, Япон, Солонгос гээд бүхий л орнуудад терроризм, дотоодын үймээн самуун гээд аюулгүй байдлын асуудлууд байсаар л байдаг.Иймд дэлхийн бүхий л томоохон хотуудын адил Орос оронд сурах гэж буй оюутан Та ч гэсэн өөрийгөө аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байх нь зүйтэй.
Оросын их дээд сургуулиуд нь холбогдох хууль, дүрэм журмуудаараа гадаад оюутнуудын аюулгүй байдлын хамгааллын асуудлыг цогцоор ньхангасан байдаг. Гагцхүү оюутан өөрөө тухайн дүрэм, журам, заавар зөвлөгөөг хичээл сургууль болон өдөр тутмын амьдралдаа мөрдөн амьдарч байвал Орос оронд өнөөдөр тайван суралцаж, амьдрах нөхцөл бүрэн хангагдсан болно.
Орос дахь оюутнуудын хичээлээс гадуурх амьдрал төрөл бүрийн үйл явдал, онц сонирхолтой арга хэмжээнүүдээр дүүрэн байдаг. Урлаг, спорт, аялал, зугаалга, баяр наадмуудад оролцох, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж болоод сонголт маш өргөн. Дэлхийн хэмжээний урлаг спортын одуудын тоглолт, уралдаан тэмцээнүүдийг дэргэдээс нь үзнэ.
Юуны түрүүнд Танд Оросын хүн төрөлхтний соёлын өвүүд болсон театр, балет, музей, дуурь, жүжиг, кино дэлхийд данстай зохиолч, яруу найрагчдын гэр музейнууд, түүхэн дурсгалт газруудтай заавал танилцахыг зөвлөж байна.
Түүнээс гадна Оросын иэхээхэн хотууд, мөн бүхий л их дээд сургуулиудад спортын уралдаан тэмцээнүүд,концерт, угсаатан, үндэсний баяр наадмууд маш өргөн дэлгэр, сонирхолтой тавилт, зохион байгуулалттайгаар явагддаг. Гадаад оюутнууд эдгээр арга хэмжээнүүдэд үзэгчээр оролцохоос гадна үндэснийхээ соёл урлаг, язгуур өв, зан заншлаа таниулан сурталчлах, дуулж бүжиглэж, дүрд тоглож, авьяас чадвараа нийтэд таниулан сурталчлах боломж бүрэн нээлттэй.
Мөн их сургуулиудын дэргэд улс төр нийгэм, шинжлэх ухааны чиглэлийн мэтгэлцээний клубууд, шатар, автомашин, аялал сонирхогчдын гэх мэт олон янзын клубууд байхаас гадна хүсэл сонирхлоороо нэгдсэн оюутнууд өөрсдөө клубууд нээн ажиллуулаад явахыг хүлээн зөвшөөрдөг. Сургуулиудын дэргэдэх хөгжмийн студи, дуу бүжгийн хамтлагт элсэх, дүрслэх урлах, яруу найраг, театр, утга зохиолын дугуйлангуудад явахад бүх оюутнуудад боломжтой.
ОХУ-д КВН хэмээх орон даяар шалгаруулалт нь явагддаг, хөгжөөнт буюу хошин урлагийн, дэлхийн олон орнуудаас оюутан залуучууд оролцдог уралдаан бий. Их дээд сургуулиудын шилдэг оюутнуудаас бүрдсэн шигшээ багийнхан уг уралдааны бүх Оросын шалгаруулалтанд орж, шалгарсан багууд нь орон даяарх КВН телевизийн шоунд оролцон мэдлэг, чадвараа сорьдог.
Оросууд дэлхийд өрсөлддөг, тэргүүлдэг нэгэн гол салбар бол спорт. Дэлхийн хэмжээний төрөл бүрийн спортын аваргын болон бүс нутгийн уралдаан тэмцээнүүд Оросод болдог. Сүүлийн жилүүдэд 2018 онд Хөл бөмбөгийн дэлхийн аварга, 2014 онд Сочи хотод өвлийн олимпиад, 2013 онд Казань хотод зуны Универсиад гээд бүгд Оросод зохион байгуулагдаж байна. Уран гулгалт, хоккей, цана, усан сэлэлт, уран гимнастик гээд дэлхийн хэмжээний олон спортын төрлөөр Та ч гэсэн хичээллэх боломжтой, энэ чиглэлийн дэд бүтцээ ч маш сайн хөгжүүлсэн байдаг.
Дашрамд дурдахад их сургуулиудын дэргэд ОХУ болон бусад гадаадын орнуудад хэрэгжүүлдэг нийгэмд чиглэсэн олон төсөл хөтөлбөр болон дадлагын ажлуудад сайн дураар, үнэ төлбөргүй оролцоод явах боломж байдаг. Та ч мөн үүний нэгэн гишүүн болж хичээлээс гадна нийгмийн ажилд оролцон идэвхтэй сурч, ажиллаж, амьдрахыг зөвлөж байна.
Хэлний бэлтгэлд сурснаар:
Тэгвэл Таныг ТЭТГЭЛЭГТ БЭЛТГЭХ ОНЛАЙН СУРГАЛТ, ТАНХИМЫН ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАНДАА УРЬЖ БАЙНА!
Тэтгэлэгт бэлтгэх сургалтанд хэрхэн хамрагдах вэ?
Энэхүү формыг бөглөснөөр бид Танд сургалт явагдах хугацаа, байршил болон холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл, зааварчилгааг илгээх болно.
Хэрэв Танд асууж тодруулах зүйл байвал манайд хандана уу!
7515-7700 [email protected]