VI удаагийн Оросын боловсролын онлайн үзэсгэлэн-2021 2021 оны 10 сарын 20-ноос 26-ны өдрүүдэд “Оросын боловсролын онлайн үзэсгэлэн-2021” нь 6 дахь удаагаа зохион байгуулагдаж, ОХУ-ын өнцөг булан бүрийн 12 муж хотуудаас 20 их сургууль холбогдон оролцлоо. Оросын боловсролын үзэсгэлэн нь жил бүр Улаанбаатар дахь “Русский дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан соёлын төв /РЦНК/-с зарлагддаг ОХУ-ын Засгийн газрын бакалавр, магистр, доктор, зуны сургалтын 600 тэтгэлгийн сонгон шалгаруулалтын өмнө EDURUSSIA Оросын боловсролын төвөөс зохион байгуулдаг арга хэмжээ юм. Онлайн үзэсгэлэнгийн нээлтэд Боловсрол шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын дарга Ж.Нарантуяа, Монгол улс дахь ОХУ-ын ЭСЯ-ны элчин-зөвлөх С.А.Краминцев, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжлийн боловсролын үнэлгээ мэдээлэл арга зүйн хүрээлэнгийн захирал Ц.Батдорж, Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга М.Цогзолмаа, Монгол улс дахь Россотрудничество агентлагийн орлогч дарга В.В.Кильпякова, Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид, ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн гадаад харилцааны газрын захирал А.Н. Ременцов нар оролцов. Оросын боловсролын үзэсгэлэн нь Засгийн газрын 100%-ийн тэтгэлгээр суралцах гэж байгаа залууст ОХУ-ын чансаа өндөр тэргүүлэх сургуулиудыг урьж оролцуулан мэргэжил сургуулийн оновчтой сонголт хийх боломжийг олгодог, шалгаруулалтын журам шаардлагуудын талаар “Русский дом”-с албан ёсны мэдээлэл хийдгээс гадна Оросод суралцах болон амьдрах орчин, амьдралын өртөг, оюутны байр, даатгал, виз, унаа тээвэр, аюулгүй байдал, оюутнуудын ажил эрхлэлт, хөнгөлөлт, тэтгэлэг, грант, тэтгэмжүүдийг авах бусад боломжуудын талаар мэдээлэл, зөвлөгөөг нэгэн доор олгодог Монгол дахь цорын ганц талбар болдог. Энэ удаагийн үзэсгэлэн нь илүү өргөн хүрээнд болсон бөгөөд сурагч, оюутан, залууст мэргэжлийн чиг баримжаа олгох вебинарууд, Оросын сургуулиудын нээлт ололт, шинэ бүтээл, брэнд бүтээгдэхүүнүүд, IT, дижитал технологи, инженер техник, менежмент маркетинг, бизнес удирдлага, хими технологи чиглэлээр шилдэг экспертүүдийн үнэ төлбөргүй лекц, ярилцлага, үзүүлэх сургалтууд хүргэснээрээ онцлог байсан юм.