“Оросын боловсролын үзэсгэлэн-2023” 9 дахь удаагаа амжилттай зохиогдлоо

“Оросын боловсролын үзэсгэлэн-2023”

9 дахь удаагаа амжилттай зохиогдлоо

2023 оны 3 сарын 24-нөөс 25-ны өдрүүдэд Оросын соёл боловсрол оюуны хөрөнгө оруулалтын төвөөс 9 дахь удаагийн “Оросын боловсролын үзэсгэлэн-2023” нь анх удаагаа танхим болон онлайн хосолсон хэлбэрээр нийслэлийн болон орон нутгийн оролцогчдод зориулан амжилттай зохиогдлоо.

Үзэсгэлэнд Москва, Воронеж, Владивосток, Челябинскийн шилдэг боловсрол шинжлэх ухааны байгууллагууд болох МИРЭА Оросын технологийн улсын их сургууль, Оросын улс түмний найрамдлын их сургууль, Дэлхийн соёл иргэншлийн их сургууль, Владивостокийн улсын их сургууль, Воронежийн улсын их сургууль, Н.И.Пироговын нэрэмжит үндэсний судалгааны анагаахын их сургууль, Өмнөд Уралын улсын их сургуулиуд оролцлоо.

Энэ жилийн үзэсгэлэн нь Edurussia төвөөс Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Академик түншлэл” хөтөлбөрийн хүрээнд болон Монголын орос хэлний багш нартын оролцоо, хамтын ажиллагаагаар  зохиогдсон юм.

Үзэсгэлэнгийн албан ёсны нээлтийг Боловсролын ерөнхий газрын суралцагчийн хөгжлийн газрын дарга Ж.Болормаа үг хэлснээр эхлүүлж, Монгол Улс дахь ОХУ-ын Хэргийг түр хамаарагч С.А.Краминцев нь мэндчилгээгээ ирүүлж үзэгч олонд хүргэсэн юм. Түүнчлэн орон нутгийг төлөөлөн Дархан-Уул аймгийн Боловсролын газрын дарга Н.Цасчихэр, ОХУ-ын их сургуулиудыг төлөөлөн Воронежийн улсын их сургуулийн эдийн засаг, гэрээний албаны дэд захирал Л.С.Коробейникова мөн ерөнхий боловсролын сургуулиудыг төлөөлөн Орос-Монголын хамтарсан сургуулийн сургалт хүмүүжил хариуцсан дэд захирал нар тус тус үг хэлж мэндчилгээгээ дэвшүүллээ.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн гол онцлог бол Монголын залуучуудад орос хэлийг сурахын ач холбогдлыг таниулах олон арга хэмжээнүүд, орос хэлний багш нарын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх ОХУ-ын их сургуулиудтай шууд харилцаа, хамтын ажиллагаа үүсэх боломжийг бүрдүүлсэн явдал байлаа.

Боловсролын үзэсгэлэнгийн өмнөхөн Орос хэлний багш сурагчдын Улсын олимпиадын 2 дугаар шат буюу Нийслэлийн олимпиад зохиогдож, Edurussia төв болон Владивостокийн улсын их сургуулиас хамтран зохион байгуулагч, ивээн тэтгэгчээр оролцов. Тус олимпиадад  Улаанбаатар хотын 9 дүүргийн 9, 12 дугаар ангийн 288 хүүхэд шалгарсан бол ялагч нарт нь Боловсролын үзэсгэлэнгийн үеэр шагналыг нь гардуулж, зөвхөн медаль төдийгүй, зохион байгуулагч нарын үнэ бүхий дурсгалын зүйлээр шагнаж, түүнээс гадна ирээдүйд элсэн суралцах боломжтой ОХУ-ын их сургуулиудын төлөөлөгчидтэй биечлэн уулзаж, сурах амьдрах орчныхоо тухай мэдээллээ авах завшаан тохиосон юм.

Үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр болсон шагнал гардуулах үйл ажиллагааг Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга М.Цогзолмаа нээж, тус газрын орос хэлний асуудлыг эрхэлсэн тэргүүлэх мэргэжилтэн С.Нямсүрэн нь мэндчилгээ дэвшүүлэн, орос хэлний тэргүүлэх багш нар олимпиадад түрүүлсэн хүүхдүүдэд шагналыг нь гардуулсан юм.

Түүнчлэн нийслэлийн олимпиадтай зэрэгцүүлэн ахлах ангийн сурагчдын дунд Владивостокийн улсын их сургуулийн орос хэлний олимпиад зохиогдож, ялагчид нь тус их сургуульд үнэ төлбөргүй тэтгэлгээр элсэх давуу эрх олгох батламжаар шагнагдсан юм. 

Үзэсгэлэнгийн туршид “Академик түншлэл” хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын их сургуулиудын төлөөлөгчид болон Монголын сургуулиудын удирдлагуудын хооронд уулзалт яриа хэлэлцээрүүд болж, цаашид байнгын хамтын ажиллагааны үндсийг тавьлаа.

Мөн Оросын их сургуулиудын төлөөлөгчид элсэгч нарт зориулж үзэсгэлэнгийн үеэр сургалтын байгууллагуудынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулгуудыг хүргэсэн бол үзэгч зочид тус сургуулиудад тэтгэлгээр болон төлбөртэйгээр элсэн суралцах, боловсролын хөтөлбөрүүд, мэргэжил дээшлүүлэх сургалт, Оросод амьдрах нөхцлийн талаар бүхий л мэдээллийг авч байсан юм.

Үзэсгэлэнгийн хамгийн сонирхолтой үйл явдлуудын нэг бол Орос хэлний багш нарын бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэсэн, өнөөгийн Монгол дахь Орос хэл болон орос хэлийг сурч буй нөхцөл байдлын талаарх танилцуулга, мөн Томскийн удирдлагын систем  радиоэлектроникийн улсын их сургуулийн орос хэлний заах арга зүйн талаарх онлайн мастер-класс зэрэг олон арга хэмжээнүүдээс бүрдсэн Орос хэлний багш нарын өдөрлөг байв.

Өдөрлөгийн хүрээнд “Русский чай” хэмээх орос хэлний багш нар болон Оросын их сургуулиудын төлөөлөгчид хоорондын нөхөрсөг танилцах уулзалтууд болж, оролцогчид нь өнөөгийн Монгол дахь орос хэлний нөхцөл байдлын талаар болон Монголд орос хэлийг заах арга зүйн талаар санал бодлоо солилцсон юм.

Мөн үзэсгэлэнгийн албан ёсны арга хэмжээнүүдийн зэрэгцээ орос хэлний багш сурагчдын урлагийн тоглолт болж, орос хэл дээр дуулж, авьяас чадврараа үзүүлж байсан нь үзэгч зочдын талархлыг хүлээж алга ташилтаар дүүрэн байлаа.

Арга хэмжээнүүдийн хамгийн эрэлттэй байсан үйл ажиллагаануудын нэг бол мэргэжлийн чиг баримжаа олгох менторын үнэ төлбөргүй зөвлөгөө үйлчилгээ байж, хүүхдүүд залуучууд зөвлөгөө авахын тулд дугаарлан зогсож байв. Мөн нөгөө нэг сонирхол татсан арга хэмжээ нь Үзэсгэлэнгийн талбар дээрээс нээлтээ хийсэн “Тэтгэлгийн эзэд” хэмээх бүх Монгол даяар явагдах аяны нээлт, түүний хүрээнд зохион байгуулагдсан ОХУ-д тэтгэлгээр суралцах, сонгон шалгаруулалтанд нь хэрхэн бэлтгэх тухай менторын үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл байсан юм.

Ийнхүү IX удаагийн “ Education abroad Оросын боловсролын үзэсгэлэн-2023” анх зохион байгуулагдаж эхэлсэн үеэсээ нийт оролцогч, хамтран ажилласан түнш байгууллагууд, үзэгч зочдын сэтгэгдлээр хамгийн өндөр ач холбогдол, өгөөж, үр дүнтэйгээр зохиогдлоо. Түүнээс гадна үзэсгэлэнгийн төгсгөлд ОХУ-ын их сургуулиудын төлөөлөгчид болон Монголын орос хэлний багш нарын хооронд Хамтарсан зөвлөмж гаргасан бөгөөд энэ нь Монголд орос хэлийг сурах болон Оросын чансаатай академик боловсролыг эзэмших байнгын тасралтгүй хамтын ажиллагааны үндсийг тавьсан бөгөөд Монгол Улс, ОХУ-ын хоорондын хүмүүнлэгийн харилцаанд үнэтэй хувь нэмэр болох юм.

Үзэсгэлэнгийн үйл ажиллагааны үр дүнд Оросын соёл боловсрол оюуны хөрөнгө оруулалтын төв нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Боловсролын ерөнхий газарт, Нийслэлийн боловсролын газарт, Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд, жилээс жилд харилцан ойлголцол, хамтын ажиллагааны цар хүрээ улам өсөн нэмэгдсээр байгаа Оросын тэргүүлэх их сургуулиуддаа болон Монголын залуу үе болон Оросын орон ард түмний хооронд гүүр болох, бидний мөнхийн хойд хөрштэй найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх буянтай үйлсэд хүндтэй үүрэг хүлээж буй нийт орох хэлний багш хамт олондоо гүн талархал илэрхийлье.