ОХУ-ЫН ЭСЯ-НЫ ЗӨВЛӨХ Е.Г.МИХАЙЛОВ: ОРОСЫН БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН МОНГОЛЫН ОЮУТАН, ЗАЛУУСТ ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙГЭЭР ӨНДӨРЛӨЛӨӨ 2017 оны 03 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ, БШСУСЯ-ны дэмжлэгтэйгээр ОШУСТ (РЦНК)-д “Оросын боловсролын үзэсгэлэн-2017” болж өнгөрсөн. Тэгвэл уламжлал болон зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээний үр дүнгийн талаар сонирхуулахаар уншигч та бүхэнд ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, ОШУСТ-ийн захирал, ноён Е.Г.Михайловын ярилцлагыг хүргэж байна. Евгений Георгиевич, жил ирэх тусам ОШУСТ бидний мэдэх РЦНК-д болж байгаа Орос-Монголын хамтарсан олон сайхан үйл явдлууд хүмүүсийн анхаарлыг их татах болсон. Танай байгууллагаас яг одоогоор Монгол-Оросын хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулахуйц ямар үйл ажиллагаа явуулж байна вэ? Тийм ээ, сүүлийн жилүүдэд Орос-Монголын хамтын ажиллагаа хүмүүнлэгийн салбарт нэлээд идэвхжиж байгаагаас боловсролын салбар тэргүүлэх байрыг эзэлж байна. Орос орон бол дэлхийн хүчирхэг гүрэн. Оросын боловрол, соёл, урлаг, яруу найраг, уран зохиол, шинжлэх ухаан, техник технологийн нээлт, ололтоороо үргэлж тэргүүлэх байр суурь эзэлдэг. Манай байгууллага 2013 оноос эхлэн ОХУ-д Холбооны төсвийн хөрөнгөөр тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтыг хариуцан зохион байгуулдаг болсноос жил бүр 350-450 оюутан бакалавр, магистр, доктор, аспирантурт суралцуулахаар илгээж байна. Мөн сүүлийн жилүүдэд Оросод суралцах хүүхэд залуучуудын хүсэл эрмэлзэл, эрэлт хэрэгцээнээс үүдэн Дархан-Уул, Хөвсгөл, Увс, Завхан аймгуудад ОШУСТ-ийн дэргэдэх орос хэлний төвийн салбарууд нээгдэж, ойрын хугацаанд Сэлэнгэ, Орхон аймгуудад байгуулагдах гэж байна. Түүнчлэн Монголын бүх аймгуудыг хамарсан орос хэлний бүсийн олимпиадуудыг жил бүр 4 өөр аймгуудад зохион байгуулж, түрүүлсэн 20-30 хүүхдүүдийг тэтгэлгээр суралцах эрхээр шагнаж байна. Түүнээс гадна орос хэлний багш нарын 83 мэргэжил дээшлүүлэх тэтгэлгийг олгож, Хөвсгөл аймгийн удирдлагуудын мэдээлснээр аймгийн зүгээс замын зардлыг нь хариуцахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Энд мөн Монгол Улсын зүгээс идэвхтэй ажиллаж байгааг бас онцлон тэмдэглэмээр байна. 2016 онд Монгол Улсын БСШУСЯ-ны сайд Ж.Батсуурийн ОХУ-д хийсэн айлчлал өндөр ач холбогдолтой байсан бөгөөд үүний үр дүнд 2017 онд ОХУ-аас сүүлийн жилүүдэд байгаагүй хэмжээний буюу 450 тэтгэлэгт хуваарийг олгоод байгаа. Түүнчлэн 1990-ээд оноос Монголын ЕБДС-дад орос хэлийг зөвхөн 7-9 ангиудад үздэг байсан бол, БСШУЯ-ны сайдын тушаалаар 2016-2018 онуудад орос, англи хэлийг 10-12 дугаар ангид сурагчдын сонголтоор оруулахаар болж үүнтэй холбогдуулан орос хэлний шинэ ном сурах бичгүүдийг боловсруулах шаардлага гарч байна. Маш их шаргуу ажлууд хийгдэж байгаа юм байна. Тэвгвэл энэ удаагийн “Оросын боловсролын үзэсгэлэн-2017” 2 дахь удаагаа зохион байгуулагдахдаа ямар бодит үр дүн авчирсан бэ? 1 дүгээрт энэ удаад ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Томск, Красноярск, Иркутск, Якутск, Тува, Адыгей, Екатеринбург, Белгород, Ростов-на-Дону, Владивосток гээд 12 муж хотоос ОХУ-ын ТОП 10-т ордог 20 гаруй шилдэг их дээд сургууль оюуны хөрөнгө оруулалт хийхээр хүрэлцэн ирснийг онцолмоор байна. Эдгээр сургуулиуд нэг дор Монголд ОШУСТ-д цуглан, Монголын оюутан залууст зөв мэргэжлээ сонгох, хэрхэн дэлхийн хэмжээний мэдлэг боловсрол, чадвар эзэмших талаар мэдээлэл өгнө гэдэг бол Оростоо ч ховорхон тохиолдох үзэгдэл байдаг. Тиймээс ирээдүйн монгол оюутнууд уг сургуулиудаас тэтгэлэг, элсэлтийн шалгалт, сонгон шалгаруулалт, суралцах орчин, амьдралын нөхцөл байдлын талаар шууд мэдээлэл авснаараа ач холбогдолтой. 2 дугаарт үзэсгэлэнгийн үйл ажиллагаа энэ жил улам өргөжиж “Гадаад дахь Оросын боловсрол” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдан, Монголд орос хэлний багш нарын мэдлэг чадварыг сайжруулах, ном сурах бичгээр хангах, орос хэлний бэлтгэл ангиудыг шинээр нээх зэрэг асуудлаар үнэтэй санал зөвлөмж бүхий илтгэлүүд тавигдсан. 3 дугаарт энэ удаагийн үзэсгэлэнгийн бас нэгэн онцлог зүйл бол Оростоо хамгийн нэр хүндтэй том сургуулиуд болох ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургууль /Финансовый университет при Правительстве РФ/, Оросын улс түмний найрамдлын их сургууль /РУДН/, Үндэсний судалгааны Эдийн засгийн их сургууль /НИУ ВШЭ/ гэх 3 сургууль яг үзэсгэлэнгийн үеэр тэтгэлгээр элсүүлэх оюутнуудынхаа сонгон шалгаруулалтыг хийж ойрын хугацаанд тэнцсэн хүүхдүүдийн дүн тэдгээр сургуулиудын сайтанд гарахаар байгаа. Оросод улсын тэтгэлгээр оюутан элсүүлэх бие даан сонгон шалгаруулалт хийдэг ердөө 5 сургууль байдгаас 3 нь манай үзэсгэлэнд өөрсдөө хүрэлцэн ирж монголчуудад их боломжийг олгосон. Мөн тэдний олгох тэтгэлгийн хуваарь нь энэ жил Монголд олгож байгаа 450 хуваарь дээр нэмэгдэж олгогдож байгаагаар онцлогтой. Эдгээр сургуулиуд энэ жилээс эхлээд жил бүр Монголд ирж сонгон шалгаруулалтаа явуулна гэж бид найдаж байгаа учир 2018 онд болох үзэсгэлэнд ч мөн монгол оюутан сурагчид өөрсдийгөө сорих, тэтгэлгээр элсэн суралцах боломжтой. 4 дүгээрт бид жил бүр БСШУСЯ-тай хамтран орос хэлний улсын олимпиад явуулдгаас энэ жил 16 хүүхэд тэнцүүлж үзэсгэлэнгийн үеэр тэтгэлгээр суралцах эрхээр шагнасан байгаа. 5 дугаарт үзэсгэлэнгийн үеэр оюутан залуучуудад таалагдсан бас нэгэн зүйл гэвэл бид үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст үнэгүй сугалаа бүхий хуанли олгож, хонжворт сугалаа явуулан азтанууд нь ОШУСТ-ийн дэргэдэх орос хэлний курст үнэгүй суралцах, бусад үнэ бүхий шагналуудын эзэн болсон. За баярлалаа. Үнэхээр сонирхолтой, баялаг агуулгатай үйл явдлууд өрнөсөн байна. Тэгэхээр манай уншигчдад хандаж юу гэж хэлэхийг хүсч байна вэ? Юуны өмнө 3 дугаар сарын 20-25-ны хооронд Монголд тэтгэлгээр суралцахаар элсэгчдийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа учир бид тэдгээр хүүхдүүдэд амжилт хүсмээр байна. Мөн Монгол Улсын өнцөг булан бүрийн оюутан залууст хандаж хэлэхэд орос хэлээ сайн сураарай, манай арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцоорой, Орос хөрш орон нь та бүхэндээ ажил, сурлага, амьдралаа өөд өөд нь ахиулахад ихээхэн боломжуудыг олгох болно оо гэж хэлэх байна. Оросын чанартай эрдэм мэдлэг, авьяас чадвар, дадлага туршлагаас хуваалцахыг хүсвэл дараа жил болох “Оросын боловсролын үзэсгэлэн-2018”-д хүрэлцэн ирэхийг урьж байна! Монголчуудын хувьд Оросод суралцахад харьцангуй хямд төлбөртэй, зам харилцааны хувьд ойр дөт, харилцан визгүй, соёл, уламжлал, сэтгэлгээ төстэй гээд давуу талууд олон байдаг шүү. Та бүхэн манай ОШУСТ-д тавтай морилоорой! Бидний талаар мэдээлэл авахыг хүсвэл https:/mng.rs.gov.ru сайтаар зочилж, (11)458682 утсаар холбогдох боломжтой, и-мэйл: [email protected], FB:Российский центр науки и культуры в Улан-Баторе.