IKON.MN: Бакалавр, магистр, докторт суралцуулах ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн онлайн үзэсгэлэн эхэллээ

IKON.MN: Бакалавр, магистр, докторт суралцуулах ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн онлайн үзэсгэлэн эхэллээ

ОХУ-ын Засгийн газраас тус улсын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй Монгол Улсын иргэдэд зориулан жил бүр тэтгэлэг зарладаг уламжлалтай.

Тус улс ирэх 2021 онд 100% үнэ төлбөргүй суралцуулах бакалавр, магистр, докторын 550 тэтгэлэг зарлахаар болсон байна.

Энэхүү тэтгэлгийг угтан мэдээлэл өгөх зорилгоор Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс “Оросын боловсролын онлайн үзэсгэлэн-2020”-г expo.edurussia.mn хуудсаар арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны хооронд онлайнаар зохион байгуулахаар болжээ.  

Энэ талаар Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ, Монгол Улсын БШУЯ, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар зэрэг байгууллагуудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.


Үзэсгэлэнгийн гол зорилго: Жил бүр ОХУ-ын Засгийн газраас олгож буй тэтгэлэгт Монголын бүх аймаг, орон нутгуудын ЕБС төгсөгчид, оюутан залуучуудыг өргөнөөр мэдлэг мэдээллээр хангаж оролцуулах, тэтгэлгийн сонгон шалгаруулалтын журам, шаардлага, шалгуур, онлайн бүртгэл, бичиг баримт бүрдүүлэлт зэргийн талаар зөвлөгөө зааварчилгаа өгөх бөгөөд үзэсгэлэнд Оросын их дээд сургуулиуд өөрсдөө оролцож элсэгчдэд сурах, амьдрах орчин нөхцөл, мэргэжил сонголт, карьер төлөвлөлтийн талаар мэдээлэл олгож, шууд холбогддогоороо онцлогтой.

Оросын боловсролын төвийн захирал Ц.Шүрэнчимэг “ОХУ-аас жил бүр зохион байгуулдаг Оросын боловсролын үзэсгэлэн ийнхүү тав  дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй явдалд баяртай  байна. Өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулах байсан боловч  цар тахлаас шалтгаалаад  чадаагүй юм. Оросын боловсрол өнөөдөр Монгол Улсад хэрхэн нөлөөлдөг болон  тус улсад суралцах боломж ямар байдгийг энэ удаагийн үзэсгэлэнгээр танилцуулна. Оросын боловсрол нь Монголын зах зээлд академик мэдлэгийг олгодгоороо бусад улсаас илүү давуу талтай.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд энэхүү үзэсгэлэнд 68 их дээд сургууль, 258 сургуулийн төлөөлөгч оролцож, их дээд сургуулиудын 84 олимпиад зохион байгуулагдаж, 12,500 хүн болон 84 дунд сургууль, дотоодын есөн  их дээд сургууль өргөнөөр оролцсон байдаг.  

Энэ тэтгэлэг нь бүх төгсөгчид болон мэргэжлээ дээшлүүлэхийг хүссэн бүх хүнд нээлттэй. Хамрагдахдаа expo.edurussia.mn сайтаар орж бүртгүүлээд, сургуулиудын мэдээлэлтэй танилцсаныхаа дараа тухайн сургуулийн  фэйсбүүк хуудсанд нэвтрэн сургууль тус бүрийн төлөөлөгч нартай холбогдож, хүссэн мэдээллээ авах боломжтой. Та бүхэнд сурах арга барил, мэргэжил, цаг уур орчин, хотын сонголт зэргийг сайн судалж байгаад сонголтоо хийхийг хүсье.

Тэтгэлгээр сурна гэдэг нь хэлний бэлтгэлтэйгээ нийлээд 5-6 жил суралцах үйл явцыг хэлж байгаа юм. Тэр дундаа хэлний бэлтгэлд үнэ төлбөргүй хамрагдах боломжийг ОХУ-аас олгож байгаа нь маш том давуу тал билээ.Өөрөөр хэлбэл та орос хэлийг Оросод очоод сурах боломжтой. Мөн ОХУ-д бүх хүүхдэд тэгш боломж олгож буй явдалд баярласан талархсанаа илэрхийлье” хэмээв.

Мөн тус хугацаанд "Боловсролын салбар дахь нийгмийн хамтын ажиллагаа: Туршлага, инноваци, хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдах аж.


“Оросын боловсролын онлайн үзэсгэлэн-2020”-д 12 мужийн шилдэг их дээд сургуулиуд оролцож байна. Тухайлбал, 

  • Санкт-Петербургийн улсын их сургууль /Оросын ТОП-5-д ордог сургууль/
  • ОХУ-ын ЗГ-ын дэргэдэх Санхүүгийн их сургууль /Оросын №1 санхүү эдийн засгийн сургууль/
  • Эдийн засгийн үндэсний судалгааны их сургууль /дэлхийн э/з-ийн сургуулиудын ТОП-100-д ордог/
  • Улс түмний найрамдлын улсын их сургууль /Москва/
  • Сеченовын анагаахын улсын их сургууль /Оросын №1 анагаахын сургууль, Москва/
  • Москвагийн политехникийн улсын их сургууль
  • Санкт-Петербургийн уулын улсын их сургууль /Оросын №1 уул уурхайн сургууль/
  • Санкт-Петербургийн үйлдвэрлэлийн технологи, дизайны улсын их сургууль
  • Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль
  • Хойд Дорнодын холбооны их сургууль
  • Умард арктикийн холбооны их сургууль
  • Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургууль
  • Эрхүүгийн улсын их сургууль
  • Эрхүүгийн зам харилцааны улсын их сургууль
  • Буриадын хөдөө аж ахуйн улсын академи
  • Томскийн политехникийн улсын их сургууль
  • Томскийн удирдлагын систем, радио электроникийн улсын их сургууль
  • Өмнөдийн холбооны их сургууль
  • Өмнөд Уралын улсын их сургууль