2020 оны 12 сарын 14-ний өдөр ОХУ-ын “Алтан намар” хөдөө аж ахуйн үйлдвэрийн XXII үзэсгэлэнгийн ялагчдад медаль, өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө ОХУ-ын “Алтан намар” хөдөө аж ахуйн үйлдвэрийн үзэсгэлэн нь Орос улсын хөдөө аж ахуйн салбарын дэвшилтэт ололт, амжилтуудыг танилцуулдаг хөдөө аж ахуйн чухал форум юм. Арктикийн агротехнологийн улсын их сургууль нь “Хөдөө аж ахуйн салбарт инновацийн бүтээлийг амжилттай нэвтрүүлэх нь” номинацид өрсөлдөж Якутын нөхцөлд бухын махны бүтээмжийг нэмэгдүүлэх ажлаар, мөн “хөдөө аж ахуйн салбарын хүрээнд үр дүнтэй мэдээлэл, зөвлөгөө өгөхөд дэмжлэг үзүүлэх нь” номинацид өрсөлдөж хөдөө аж ахуйн салбарт үр дүнтэй мэдээлэл, зөвлөгөө өгөхөд дэмжлэг үзүүлэх ажлаа тус тус үнэлүүлэн алтан медаль болон нэгдүгээр зэргийн өргөмжлөлөөр шагнуулсан. Түүнчлэн Арктикийн агротехнологийн улсын их сургуулийг “Арктикийн бүс нутгийн хүн амыг нийгмийн ач холбогдол бүхий хүнсний бүтээгдэхүүнээр хангах нь, орон нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тулгамдсан асуудал” сэдвээр судалгааны ажил бэлтгэсэн мөн “Arctic Food Security/ Арктик болон хойд бүсийн хүнсний аюулгүй байдал” сэдвээр олон улсын салбар дундын семинарыг амжилттай зохион байгуулсаныг нь үнэлэн мөнгөн медалиар шагнасан бол “Хөрс боловсруулах, хөрс боловсруулах машинуудын англи-орос толь бичиг” боловсруулсан үйл явдалд хүрэл медаль болон 3 дугаар зэргийн өргөмжлөлөөр шагнасан байна. “Алтан намар” хөдөө аж ахуйн үйлдвэрийн үзэсгэлэн нь хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хөдөө аж ахуйн машин механизмын болон химийн аж үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг аж ахуй нэгжүүд, мөн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, боловсролын байгууллагуудын ажлын үр дүнг уламжлалт ёсоор нэгтгэн танилцуулдаг бөгөөд энэ нь хөдөө аж ахуйн салбарт бизнесийн орчинг сайжруулах, бүс нутаг хоорондын эдийн засгийн харилцаа холбоог бэхжүүлэх, мөн тус салбарын техник технологийн дэвшил, шинэчлэл бий болоход чухал ач холбогдолтой юм.