ОХУ /ЗХУ/-д сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбооноос ОХУ-ын Буриад улсад туслах зорилготой МАСК ХАНДВИВЛАХ АЯН

ОХУ /ЗХУ/-д сургууль төгсөгчдийн МАВСУЗ холбооноос ОХУ-ын Буриад улсад туслах зорилготой МАСК ХАНДВИВЛАХ АЯН 

2020 оны 4 дүгээр сар. Дэлхий даяар коронавирус ихээр тархаж тэр дундаа хөрш Орос орон, хил залгаа Буриад улсад халдвар авагсдын тоо Оросдоо нэг хүнд амд ноогдох хэмжээгээрээ эхний байранд орж байсан. Энэхүү хүндхэн нөхцөл байдлын үед  буюу 2020.04.11-ний өдөр Буриад улсын Засгийн газар Москва хотоос Улаан-Үдээр дамжин эх нутагтаа буцаж буй 126 монгол оюутныг хүлээж авч, Монгол-Оросын хил дээр хүргэж өгөх ажлыг хариуцлагатайгаар зохион байгуулж монголчууд бидэнд тусламж дэмжлэг үзүүлсэн билээ.

“Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэж монгол үгийг иш болгон, Буриад улсад маск, гар ариутгагчийн хомсдол үүсээд байсан тэрхүү нөхцөлд ОХУ /ЗХУ/-д төгсөгчдийн МАВСУЗ холбооноос санаачлан Буриад ахан дүүстээ хариу барих “Маск хадивлах аян”-ыг 4 сарын 16-ны өдрөөс эхлүүлсэн юм. Тус аяныг Эрхүүгийн анагаах ухааны их сургуулийн төгсөгчид болон Монголын орос хэл, уран зохиолын багш нарын МонАПРЯЛ холбоо, маск үйлдвэрлэлийн “Нахиа импэкс” ХХК зэрэг бусад байгууллагууд болон төгсөгчид идэвхитэй дэмжиж оролцов. Түүнээс гадна Оросын шинжлэх ухаан соёлын төв уг санаачилгыг сайшаан хүлээж авч, Буриадын Засгийн газрын оролцоотой теле гүүр онлайн уулзалтын арга хэмжээг зохион байгуулж монголын талаас УИХ-ын дарга, МАВСУЗ холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатарын албан захидалыг танилцуулж уламжилсан юм.

Хандивын аян нь хоёр долоо хоног үргэлжилж 200 гаруй байгууллага хувь хүмүүс нэгдэж, 100 гаруй нь орос хэлний багш нар, мөн Эрхүүгийн анагаах ухааны төгсөгчид ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Нийтдээ 5,760,000 төгрөг цуглаж 14600ш маскийг зах зээлийн үнээс 50% хөнгөлттэй үнээр “Нахиа импэкс” ХХК-аас худалдаж авсан юм.

2020 оны 4 сарын 30-ны өдөр Хандив гардуулах арга хэмжээ ОШУСТ-д зохион байгуулагдаж, тусламжийг Буриадын Засгийн газарт хүргүүлэхээр ОШУСТ-д хүлээлгэн өгсөн билээ. Арга хэмжээнд Монголын талаас ЗХУ /ОХУ/-д сургууль төгсөгчдийн Монголын холбоо /МАВСУЗ /-ны дэд тэргүүн, МУ-ын Гавьяат багш Д.Цогзолмаа, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, МУ-ын Баатар, ЗХУ-ын Баатар Ж.Гүррагчаа, МАВСУЗ холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Эрхүүгийн Анагаах ухааны их сургуулийг төгсөгчдийн холбооны тэргүүн Ж.Рэнцэн-Амгалан, Монголын орос хэл, утга зохиолын багш нарын холбоо (МонМАПРЯЛ)-ны ерөнхийлөгч Ц. Магсар, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Батжаргал, "Нахиа Импекс" Эмийн үйлдвэрийн захирал Г.Тайванбат, ЗХУ /ОХУ/-д төгсөгчдийн Хөгжлийн холбооны тэргүүн, УИХ-ын Ардын намын бүлгийн ахлах референт М.Түвшинтөр, Оросын талаас ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар хот дахь ОШУСТ-ийн захирал Базархандаев А.Р., ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Россотрудничество агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрын дэд тэргүүн, Улаанбаатар хот дахь ОШУСТ-ийн дэд захирал Будаева Т.Ч, нар оролцов