ОРОСОД ТӨГСӨГЧДИЙГ ДЭМЖИХ КЛУБ БАЙГУУЛАГДЛАА 2020.10.21-ний өдөр ОХУ/ЗХУ-д төгсөгчдийн МАВСУЗ холбооноос Оросын шинжлэх ухаан соёлын төвтэй хамтран “Төгсөгчдийг дэмжих клуб” байгуулах чөлөөт уулзалт-ярилцлага зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь "Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд хийгээд 11 сарын 30-нд болох тус холбооны 4 жилд 1 удаа болдог тайлан сонгуулийн бага хурлын өмнө зохион байгуулагдсан бөгөөд, гол зорилго нь төгсөчдөд холбооны хувьд хийж хэрэгжүүлж байгаа ажил байдлын талаар танилцуулах, тэдний санал бодлыг сонсох, төгсөгчдийн идэвхи оролцоог идэвхижүүлэх зорилготой “Төгсөгчдийг дэмжих клуб” байгуулахад оршиж байсан юм. Арга хэмжээний эхэнд МАВСУЗ холбооны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат багш Д.Цогзолмаа хэлсэн үгэндээ тухайн үеийн тэргүүний сэхээтнүүдийн санаачилгаар 48 жилийн тэртээ байгуулагдаж, 40 гаруй мянган төгсөгчдийг эгнээндээ нэгтгэсэн МАВСУЗ холбоо нь төгсөгчдийнхөө эрх ашгийг хамгаалах, үүсгэл санаачилгыг нь дэмжин дэлгэрүүлэх, Монгол-Оросын бүх талын харилцаа, хамтын ажиллагааг сурталчлах үүрэг, зорилго бүхий байгууллага болохыг танилцуулаад сүүлийн үед тус холбооноос зохион байгуулсан зарим томоохон арга хэмжээ, 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхт ой угтан явуулж буй үйл ажиллагааныхаа талаар товч дурдлаа. Мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар хот дахь ОШУСТ-ийн захирал Амгалан Базархандаев энэхүү уулзалтыг зохион явуулж байгааг талархан хүлээж авч, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил арга хэмжээг хамтран зохион байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр 23-ны өдөр Орос-Монголын найрамдлын өдрүүдийн 60 жилийн ойн баярын нээлтийн ёслол нь UBS телевизээр орон даяар болон Оросын ТВ-үүдээр шууд нэвтрүүлж, холбогдох арга хэмжээнүүд нь Улаанбаатарт болон хөдөө орон нутгуудад өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байгааг дурдаад төгсөгчдийг эдгээр ажил, арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцохыг уриалсан юм. Мөн холбооны гүйцэтгэх захирал Ц.Шүрэнчимэгийн зүгээс МАВСУЗ холбооны дэргэд Төгсөгчдийг дэмжих клуб байгуулж төгсөгчдийнхөө хөдөлмөр эрхлэлтэнд анхаарч, ажилд ороход нь туслах менторшип хөтөлбөр хэрэгжүүлэх, тэдний тасралтгүй боловсрох орчинг бүрдүүлэх үүднээс сургалт, семинар зохион байгуулах, төгссөн сургуультай нь холбож мэргэжил, мэдлэгийг нь дээшлүүлэхэд туслах, төгсөгчдийн уулзалт үдэшлэг, урлаг спортын арга хэмжээг зохион байгуулах зэрэг чиглэлээр ажиллахаар төлөвлөж байгаагаа энэ үеэр мэдээллэсэн юм. Түүнээс гадна арга хэмжээний үеэр бизнесийн салбарт оросуудтай ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэх өргөн боломжийн талаар МҮХАҮТ-ын Оростой хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Э.Оюунтэгш, Монголд Оросын инновацыг нэвтрүүлэх чиглэлээр Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын Шинжлэх ухаан, технологийн хэлтсийн дарга Г.Жаргалмаа нар ярьсан юм. Уулзалтын үеэр Оросын ТОП-5 сургуулийн нэгэнд тооцогддог, нэр хүндтэй сургуулиудын нэг болох Москвагийн Эдийн засгийн дээд сургуулийн (Высшая школа экономики) гадаад оюутны элсэлт хариуцсан менежер Екатерина Синцова, тус сургуулийн оюутан Намуундарь нартай онлайн уулзалт хийж, ОХУ-ын Засгийн газрын болон бусад тэтгэлгээр тус сургуульд суралцах боломжийн талаар мэдээлэл өглөө. Энэ удаагийн уулзалтанд 1970-1980-аад онд ЗХУ-д сургууль төгссөн ахмадуудаас аваад сургууль төгсөөд удаагүй байгаа шинэ үеийнхэн, одоо сурч буй оюутан залуусын төлөөлөл ч оролцсон бөгөөд урьд өмнөх уулзалтуудтай харьцуулахад залуучуудын оролцоо зонхилж байснаараа энэ удаагийн уулзалт онцлог байв. Удахгүй МАВСУЗ холбооны ээлжит бага хурал болох бөгөөд энэ удаагийн уулзалтын үеэр гарсан санаа оноо, оролцогчдоос бичгээр авсан санал асуулгын хариултуудыг цэгцэлж бага хурлын шийдвэрт тусгах, холбооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд шинэ сэргэг, идэвхтэй хүмүүсийг сонгоход энэ удаагийн уулзалт зохих хувь нэмрээ оруулна гэж уулзалтыг зохион байгуулагчид дүгнэлээ.