ОХУ/ЗХУ-д төгсөгчдийн МАВСУЗ холбооны дэргэд бизнес хамтын ажиллагааны хороо байгуулагдлаа

ОХУ/ЗХУ-д төгсөгчдийн МАВСУЗ холбооны дэргэд бизнес хамтын ажиллагааны хороо байгуулагдлаа

2021 оны 5 сарын 07-ны өдөр тус холбооны Удирдах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу Оросод төгсөгчдийн бизнес хамтын ажиллагааны хороо байгуулагдаж , даргаар нь Монгол-Оросын бизнес зөвлөлийн гүйцэтгэх захирал Э.Оюунтэгшийг бүх гишүүдийн саналаар баталлаа. 
Тус хорооны гол зорилго нь төгсөгчид хоорондын бизнес , эдийн засгийн үр өгөөжтэй харилцаа , уялдаа холбоог хангах,  Монгол-Оросын бүх төвшний төрийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй худалдаа бизнесийн хамтын ажиллагааны ажил арга хэмжээнүүдэд төгсөгчдийг нэн тэргүүнд оролцуулах , төгсөгчдийг оролцуулсан бизнесийн зорилготой төсөл , хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, бизнесийн салбарт ажиллаж байгаа төгсөгчдийн бизнес эрхлэх мэдлэг , чадавхийг дээшлүүлэх сургалт , лекц, бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулахад оршиж байгаа юм. 
Ойрын хугацаанд хорооноос Монгол-Оросын бизнес уулзалт , арга хэмжээнүүдэд төгсөгчдийг идэвхтэй оролцуулах, амжилттай яваа бизнес эрхлэгчдийн ноу-хауг бусад төгсөгчиддөө хүргэх , туршлага хуваалцах зорилгоор онлайн уулзалтууд зохион байгуулах , Оросын их дээд сургуулиудын компаниудтай хамтран ажиллаж буй туршлагыг Монголд нэвтрүүлэх  , сургуулиудын бизнес хөтөлбөрүүд, инкубатор төслүүдэд оролцох, “Сибирийн хүч-2” төсөлд төгсөгчдийг оролцуулах ажлыг зохион байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөж байна. 
Хорооны ажил, арга хэмжээнүүдэд оролцох нь ОХУ-ын бүх түвшний боловсролын байгууллагуудыг төгсөгчдийн хувьд нээлттэй тул санал хүсэлтээ [email protected] и-мэйл хаягаар ирүүлэх боломжтой.