Технологийн үндэсний судалгааны улсын их сургууль (МИСиС)
Үндэсний судалгааны технологийн "МИСиС" их сургууль нь ОХУ-ын ихээхэн хурдацтай хөгжиж байгаа шинжлэх ухаан, боловсролын төвүүдийн нэг. Анх 1918 онд Москва хотын Уул уурхайн Академийн салбар болон байгуулагдаж, 1930 оноос бие даасан их сургууль болсон.
Өнөөдөр тус их сургуулийн бүрэлдэхүүнд 9 сургууль үйл ажиллагаагаа явуулж, бакалавр, специалитет, магистрантур, аспирантурын түвшний 30 гаруй сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн мэргэжилтэн бэлдэж, магистрын түвшний сургалтын хөтөлбөрийг англи хэлээр явуулж байна.
Их сургуулийн харьяанд 6 салбар сургууль үйл ажиллагаагаа явуулдагаас 4 нь ОХУ-д, 2- нь гадаадад байдаг ба мөн нэг төлөөлөгчийн газартай. Нийт 12000 гаруй оюутан суралцдагаас 25% нь дэлхийн 75 орноос ирсэн оюутнууд юм.
Тус сургууль нь оюутны чөлөөт цагийг зөв өнгөрүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг ихээхэн зохиодог ба оюутны үүсгэл санаачлагыг дэмжих Оюутны Холбоог байгуулан ажиллаж байна. Үүний зэрэгцээ тус сургуулийн Интернациональч найрамлын клуб нь шинээр ирсэн гадаад оюутнуудад ОХУ-ын амьдрал, ахуйд богино хугацаанд дасан зохицох, шинэ найз нөхөдтэй болох, хэлний мэдлэгээ сайжруулах, шалгалтанд амжилттай бэлдэх зэрэгт нь туслалцаа үзүүлдэг.