Эрхүү хотод Орос-Монголын залуучуудын гуравдугаар уулзалт амжилттай болж өндөрлөлөө. 2022 оны 12-р сарын 23-нд ОХУ-ын Эрхүү хотод Орос-Монголын залуучуудын гуравдугаар уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Уг уулзалтад нь Монгол улсыг төлөөлж Эдурашиагийн залуус оролцсон ба хоёр улсын хамтын ажиллагаа болон залуучуудын хөгжлийн талаар санал бодлоо солилцлоо. Ажлын хэсгүүдийн хүрээнд “Залуу эрдэмтэд ба хамтарсан шинжлэх ухааны судалгаа хийх боломж”, “Бүс хоорондын болон хил орчмын хамтын ажиллагааны залуучуудын хэлэлцээ”, “Залуучуудын соёлын салбарын солилцоо” зэрэг сэдвүүдийн хүрээнд хэлэлцлээ. Уулзалтын шинжээчээр нь ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны залуу эрдэмтэдтэй ажиллах газрын дарга Али Асадов, Эрхүүгийн улсын их сургуулийн Олон улсын харилцааны хэлтсийн дарга Юлия Елохина, МИРЭА-Оросын технологийн их сургуулийн Залуучуудын бодлого, олон улсын харилцааны хүрээлэнгийн дэд захирал Дина Соколова, мөн М.В.Ломоносовын нэрэмжит Нарийн химийн технологийн хүрээлэнгийн Биотехнологи, үйлдвэрлэлийн эм зүйн тэнхимийн ахлах багш, Мария Золотарева нар оролцов. Уулзалтын дараа оролцогчид Орос-Монголын залуучуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал дэвшүүлж залуучуудын харилцааг хөгжүүлэх, бүс нутаг хоорондын түншлэлийн өнөөгийн байдал, боломжуудын талаар ярилцлаа. Хэлний бэрхшээл, бие биеийнхээ тухай болон улс орныхоо талаар сүүлийн үеийн мэдээлэл дутмаг, ОХУ-ын бүс нутгуудын Монгол дахь төлөөлөгчийн газруудын хориг, төр, улсаас санхүүгийн дэмжлэг хомс зэрэг хоёр талын залуучуудын хамтын ажиллагаанд хүндрэл учруулж буй хүчин зүйлсийг уулзалтын үеэр тэмдэглэв. Мөн залуучуудын хамтарсан төсөл боловсруулахад хоёр орны эрх ашгийг харгалзан үзэх нь чухал гэдгийг уулзалтад оролцогч залуус онцолсон ба тодруулбал, Монголын тал цахимжуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна. Энэхүү арга хэмжээг ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам, МИРЭА-Оросын технологийн их сургууль, Эрхүү хотын Тээврийн их сургуультай хамтран зохион байгуулав. Орос-Монголын залуучуудын дараагийн уулзалтыг 2023 онд Монголд зохион байгуулахаар төлөвлөж байна.