VII удаагийн “Study in Russia-2022” Оросын боловсролын онлайн үзэсгэлэн 2022 оны 24-29-ний өдрүүдэд Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яам, ОХУ-ын Монгол улс дахь Элчин сайдын яам, Нийслэлийн Боловсролын ерөнхий газрын дэмжлэгтэйгээр ээлжит Оросын боловсролын үзэсгэлэн “Study in Russia-2022” нь 7 дахь удаагаа амжилттай зохиогдлоо. Үзэсгэлэнгийн албан ёсны нээлт 4 сарын 24-ний өдөр болж, нээлтийн арга хэмжээнд: МУ-ын Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны зээлийн сангийн захирал Д.Гарди, ОХУ-с Монгол Улсад Суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Азизов Искандер Кубарович, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга М.Цогзолмаа, ОХУ-ын Россотрудничество агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Валерия Валерьевна Кильпякова, Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, ОХУ-д төгсөгчдийн МАВСУЗ холбооны ерөнхийлөгч Д.Рэгдэл, Нийслэлийн ЕБС-ийн 45-р сургуулийн захирал Б.Наранчимэг нар оролцож, мэндчилгээгээ дэвшүүлсэн юм. Энэ удаагийн үзэсгэлэнд Санкт-Петербургийн их сургуулиуд түлхүү оролцсоноороо онцлог болсон бөгөөд манай монгол хүүхдүүдийн сонирхдог Оростоо нисэхийн чиглэлээрээ 1-рт ордог Санкт-Петербургийн улсын нисэхийн их сургууль, дэлхийд инженер техникийн салбартаа тэргүүлэгч сургуулиудын нэг Аугаа Петрийн нэрэмжит Санкт-Петербургийн политехникийн улсын их сургууль болон уул уурхай, барилга архитектурын салбарын ТОП сургуулиуд болох Санкт-Петербургийн барилга архитектурын улсын их сургууль, Уул уурхайн улсын их сургуулиуд үзэсгэлэнд оролцогчдын сонирхлыг ихээхэн төрүүлэв. Шинэ Орос орон бол өнөөгийн дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн нэг. Анагаах ухаан, академик боловсрол, шинжлэх ухаан, инженерийн шийдлүүд, сансар судлал, аюулгүй байдал, батлан хамгаалах, сонгодог урлаг, соёл иргэншлээрээ дэлхийд тэргүүлэгч улсуудын тоонд ордог. Монгол улс нь 70 гаруй жилийн турш Орос оронтой ах дүүгийн харилцаатай явж ирсэн бөгөөд өнөөгийн манай орны бүтээн байгуулалт, НҮБ-д бүх нийтээрээ бичиг үсэг тайлагдсан үнэлгээ авч байсан үзүүлэлт бол Орос хөрш орны ач тус юм. Иймд, монгол залуусын хувьд дэлхийн боловсролыг тив дамнан эрэх бус, хил залгаа Орос орондоо суралцаж, академик боловсрол эзэмшихээс гадна оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж Европ, Азийн бусад орнуудад суралцах, урлаг спорт, олон улсын форум, арга хэмжээнүүдэд оролцох нь оюутан цагийн амьдрал дахь онц сонирхолтой аялал болдог билээ.