Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын ерөнхий газар, ОХУ-ын Эрхүү мужийн Боловсролын яам, Буриад улсын Аялал жуулчлалын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Боловсролын тэнхимийн дэмжлэгтэйгээр “Цайны зам хөгжил сан”-гийн “Study & Travel on the Tea Road” төслийн хүрээнд Оросын соёл боловсрол оюуны хөрөнгө оруулалтын төвөөс санаачлан зохион байгуулсан “Байгаль эхийн дуу хоолой” олон улсын сурагчдын эрдэм шинжилгээний бага хуралд Монгол улсаас Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургааль, НЕБ-ын 20, 28, 60 дугаар дунд сургууль, НЕБ-ын “Эхлэл” дунд сургууль, Багануур дүүргийн “Сод” цогцолбор сургууль, Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЕБС-ийн сурагчид мөн ОХУ, БНХАУ-ын ЕБС-ийн нийт 300 ГАРУЙ СУРАГЧИД оролцлоо. Хурлын гол зорилго нь нэг тив, бүс нутагт оршин амьдарч буй хөрш орнуудын хүүхдүүдэд экологийн тэнцвэргүй байдлаас дэлхий ертөнцөд үүсэж буй хор уршгийн талаар ойлгуулах, байгаль орчныхоо төлөө хариуцлага хүлээдэг байх, байгалиа хамгаалахад хүүхэд залуучуудын оролцоо хувь нэмрийг бий болгох, экологийн боловсрол олгосноор 3 орны хүүхдүүд хамтдаа эх дэлхийгээ хайрлах, халамжлах хандлагыг төлөвшүүлэхэд оршив. 4 сарын 26-ны өдөр монгол, орос нийлсэн 100 сурагч, багш нар Улаанбаатараас Хөх Хот руу аяны жолоогоо залснаар хүүхдүүд маань хөгжилтэй, сонирхолтой аян замдаа гарч, хөрш орнуудын сурагчид өөр хоорондоо танилцаж, найзлан нөхөрлөж, хэл соёлоо солилцсон зугаатай аялал маань эхлэв. Хурал 4 сарын 27-ны өдөр Хөх Хотын “Ингхуа” сургууль дээр болж, тус сургуулийн багш сурагч, удирдлагууд Монгол, Оросоос ирсэн найз нөхдөө хятад үндэстний урлагийн үзүүлбэрээрээ ёслол төгөлдөр угтан авсан юм. Нээлтийн ёслолд Монголын талаас Боловсролын ерөнхий газрын Суралцагчийн хөгжлийн газрын дарга асан Ж.Болормаа, Оросын соёл боловсрол оюуны хөрөнгө оруулалтын төвийн захирал Ц.Шүрэнчимэг, дэд захирал А.Дүүриймаа, Монгол улсын ЕБ-ын сургуулиудын нийгмийн ажилтан, багш нар болох Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургуулийн багш Б.Одонтамир, Н.Мөнхтуяа, Ж.Лхагвамаа, НЕБ-ын 20 дугаар дунд сургуулийн багш Д.Тунгалаг, И.Нарантуяа, НЕБ-ын 60 дугаар дунд сургуулийн багш М.Долгор, НЕБ-ын 28 дугаар дунд сургуулийн багш Д.Эрдэнэбямба, Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЕБ-ын дунд сургуулийн багш О.Балжинням, Эхлэл дунд сургуулийн багш Э.Хулан, ОХУ-ын Буриад улсын Экологи-биологийн төвийн мэргэжилтэн Светлана Дондокова, “Цайны их зам”-ын боловсрол солилцооны төслийн зохицуулагч Цепкова Любовь нар, Өвөр Монголын соёлын солилцооны олон улсын төвийн дарга Мэн Липин, Өвөр Монголын Ардын боловсролын сангийн ерөнхий нарийн бичгийн дарга Жан Рунхоу нар оролцов. Эрдэм шинжилгээний бага хуралд хүүхдүүд байгаль экологио хамгаалах илтгэл хэлэлцүүлгүүдээ өрнүүлж, үзэсгэлэнд бүтээлчээр оролцож, уралдаан тэмцээнүүдэд хүч чадал авхаалж самбаагаа сорих замаар гурван орны хүүхэд залуучууд мэдлэг оюун, авьяас чадвар, хэл соёлоо солилцож байгаа нь чухал болохыг онцлон тэмдэглэж байлаа. Түүнчлэн монгол, хятадын сурагчид үндэсний урлагийн үзүүлбэр, гайхалтай дуу бүжгээрээ гурван улсаас цугласан багш сурагдыг баярлуулсан юм. Эрдэм шинжилгээний хуралд тавигдсан сурагчдын илтгэлүүд нь өнөөгийн бидний байгаль экологийн салбарт тулгамдсан асуудлуудыг хөндөж, хамтран шийдэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах шинэлэг санал санаачилга, шийдэл санал болгож байсан нь бахархам байсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм. Монгол сурагчдын бүтээлч, эрэлхийлэгч хандлага, хятад сурагчдын уран яруу илтгэх ур чадвар, орос сурагчдын шинжлэх ухаанч судалгааг шүүгчид, зохион байгуулагч, зочид үнэлэн сайшааж байв. “Байгаль эхийн дуу хоолой” сурагчдын эрдэм шинжилгээний хурлын Онолын буюу Илтгэлийн хэсэгт: 1 дүгээр байр * Монгол Улсаас - Өмнөговь аймгийн Ханбогд сумын сургуулийн ЕБС-ийн сурагч Э.Сэцэнгоо, * Хятад Улсаас Хан Руй, * Орос Улсаас Гармаева София 2 дугаар байр * Монгол улсаас - НЕБ-ын 28 дугаар сургуулийн сурагч Б.Анунгоо * Хятад улсаас - Ван Кай Ти * Орос улсаас - Чимитово Сарана 3 дугаар байр * Монгол улсаас - Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургуулийн сурагч О.Төрболд * Хятад улсаас - Ли Мин Хуй * Орос улсаас - Яковлев Святозар Практик буюу Үзэсгэлэнгийн хэсэгт: 1 дүгээр байр Монгол Улсаас: * НЕБ-ын 28 дугаар сургуулийн сурагч Б.Анунгоо, Т.Энхболд * ӨЗБАС-ийн сурагч М.Энхжин * ӨЗБАС-ийн сурагч Б.Алтанчимэг * ӨЗБАС-ийн сурагч Б.Энхмэнд * НЕБ-ын 20 дугаар сургуулийн сурагч М.Жонон Хятад улсаас Улсаас * Пан Ху Бо * Ү Жа Хуй * Зао Жин Хань Орос Улсаас * Яковлев Святозар * Чимитове Мариа * Хальбаева Ирина * Дун Вадим * Гармаева София нар тус тус байр эзлэв. Монгол, Оросын сурагчид Эрдэм шигжилгээний хуралдаа оролцохын зэрэгцээ Эрээн хотын динозаврын музей, Хөх Хотын хөдөө аж ахуйн салбарын инноваци технологийн хөгжлийн илэрхийлэл болсон И-Ли сүүний үйлдвэр, “Grass” үр тарианы хүрээлэнтэй танилцаж, 21 дүгээр зууны технологийн дэвшлийг илтгэсэн Шинжлэх ухааны технологийн музейг үзэхээс гадна, өөрсдөө туршилт хийн, интерактив үзмэрүүд дээр тоглож, оюун ухаанаа сорьж, хөгжүүлэхээс гадна эртний түүхт Хөх Хотоор аялаж, Наобаогийн цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалав. Ийнхүү Монгол, Орос, Хятад гурван орны хүүхэд залуус чуулсан, танилцсан, нөхөрлөсөн, бие биеэ таниж мэдсэн, соёлоо солилцсон, мэдлэг мэдрэмж, авьяас чадвараа үнэлүүлсэн эв найрамдлын эрдэм шинжилгээний хурал амжилттай, адал явдлаар дүүрэн болж өнгөрлөө.