Дорж Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургуулийн хэлний бэлтгэл ангид өнөөдөр 75 сонсогч суралцаж байгаагаас 10 монгол сонсогч орос хэл соёлыг судлан суралцаж байна. Эдгээр сонсогч нарт зориулан жил бүр орос хэлийг түгээн сурталчлах зорилготой “Орос хэлний баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил А.С.Пушкины төрсөн өдөр буюу 6-р сарын 6-ны өдөр Орос хэлний баярыг 10 дахь удаагаа тэмдэглэж байгаа бөгөөд 2020 оны хаврын бүх арга хэмжээнүүд онлайн хэлбэрт шилжсэнтэй холбогдуулан баяр зохион байгуулах комисс нь тэмдэглэх шинэ хэлбэр, арга хэрэгслийг нэвтрүүлэхээр ажиллажээ. Энэ хүрээнд сошиал сүлжээнд их дээд сургуулиуд болон тусгай дунд сургуулиудын оюутан, сурагчдын дунд “Хэн А.С.Пушкины уран бүтээл болон орос хэлэнд хайртай вэ” сэдэвт уралдаан, мөн орос хэл сурч байгаа гадаад оюутнууд болон гадаад улсуудад байгаа оюутнуудын дунд орос хэл дээр онлайнаар “А.С.Пушкины яруу найраг” ба “А.С.Пушкины романсууд”-ыг унших номинацуудаар тус тус шалгаруулалт зарлагдлаа. Уралдаанд Буриадын их сургуулийн болон Улаан-Үд хотын багш сурагчид, оюутнуудыг хамарсан нийт 70 хүн оролцож, хэдийгээр гадаад оюутнууд өөрсдийнхөө эх оронд тусгаарлалтанд байгаа хэдий ч уг арга хэмжээнд өндөр идэвхи санаачилгатайгаар оролцсон юм. Үүнд Монгол, Хятад, БНСУ, Тайланд, Индонез, Венесуэл зэрэг орнуудын оюутнууд бүтээлүүдээ ирүүлсэн байна. Уралдаанд ороцсон бүх бүтээлүүд шагнал урамшуулал хүртсэн бөгөөд шагнал гардуулах ажиллагааг тусгаарлалт дуусангууд зохион явуулах юм. Зохион байгуулах комисс нь уралдаанд оролцсон бүтээлүүдээр видео хийж бүх оролцогч нарт илгээж, оролцогчдын зүгээс ч мөн баярын үйл явдалд баярлаж талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Арга хэмжээг зохион байгуулах энэхүү технологи нь зохион байгулагч нарын ч хувьд, мөн оролцогчдын хувьд ч гайхалтай шинэ туршлага болон технологи болж чадсан юм.